Хүргэлт, очиж авах цэгээ эмх цэгцтэй зохион байгуулах нь
Хүргэлтийн төлбөр ба нөхцөл, төлбөргүй болох босго, салбараас очиж авах, хүргэлтийг унтраах, худалдан авагчийн тэмдэглэл: хүргэлтээ цэгцлэх заавар.
OpenShop дээр хүргэлтийг дэлгүүр өөрөө эсвэл өөрийн сонгосон хүргэлтийн үйлчилгээгээр хийдэг. Платформ хүргэлт хийдэггүй, хүргэлтийн компанитай холболтгүй, харин хүргэлтийн төлбөр, нөхцөл, очиж авах салбарын тохиргоог өгдөг. Хүргэлтийн төлбөрөө Тохиргоо → Сайт таб дээр тавьж, нөхцөлөө ил бичээд, салбартай бол очиж авах сонголтыг асаавал худалдан авагч захиалахдаа өөрт тохирохоо сонгоно.
Хүргэлтийн төлбөрөө хэрхэн тогтоох вэ?
Тохиргоо → Сайт таб дээрх Хүргэлтийн төлбөр (₮) нь захиалга бүрд нэг удаа нэмэгдэнэ. 0 гэж тавибал худалдан авагч хүргэлтийн төлбөр төлөхгүй. Хүнд, оврын эсвэл гаднаас захиалж авчирдаг бараанд барааны засах хуудасны Карго төлбөр (₮)-ийг ашиглана. Энэ нь захиалгад тоо ширхэгээр нь нэмэгдэнэ.
Хүргэлтийн нөхцөл талбарт хүргэлт хэрхэн, хэдэн хоногт хийгддэгийг товч бичнэ. Энэ нь барааны хуудсанд харагдана. Жишээ нь:
- Улаанбаатар хотод ажлын 1–2 өдөрт хүргэнэ.
- Орон нутагт унаанд тавьж өгнө, тээврийн төлбөрийг худалдан авагч хариуцна.
- Захиалгыг ажлын өдөр 16:00 цагаас өмнө баталгаажвал тэр өдөртөө гаргана.
Зөвхөн биелүүлж чадах хугацааг бичнэ. Хоцорсон хүргэлт худалдан авагчийн гомдлын түгээмэл шалтгаан болдог.
Хүргэлтийн төлбөргүй болох босгыг хэзээ ашиглах вэ?
Тохиргоо → Худалдааны дүрэм хэсэгт хүргэлтийн төлбөргүй болох босго (₮)-ыг тавьбал сагсны барааны дүн тэр босгод хүрэхэд хүргэлтийн төлбөр 0 болно. Дүн нь хямдарсан үнээр, купоноос өмнө тооцогдох ба сагсанд хэдэн ₮ дутуу байгаа нь харагдана. Барааны карго төлбөр хэвээр үлдэнэ. Ижил хэсэгт Хамгийн бага захиалга (₮)-ыг тавьбал түүнээс бага дүнтэй захиалга үүсэхгүй.
Салбараас очиж авах сонголтыг хэрхэн нэмэх вэ?
- Вэбсайт → Салбар хэсэгт Шинэ салбар товчийг дарна.
- Нэр, Хот / аймаг, Дүүрэг / сум, Хаяг, Утас (3 хүртэл), Ажиллах цаг, Зураг, газрын зургийн байршлаа оруулна.
- Очиж авах цэг, хэрэгтэй бол Үндсэн салбар-ыг тэмдэглээд хадгална.
- Салбарын жагсаалтын дээд талын Очиж авах унтраалгыг асаана.
Ингэснээр худалдан авагч захиалахдаа очиж авах салбараа сонгоно. Энэ үед хаяг асуухгүй, хүргэлтийн төлбөр тооцогдохгүй. Захиалгын дэлгэрэнгүйд салбарын нэр, хаяг харагдана. Салбарууд дэлгүүрийн /branches хуудсанд газрын зураг, ажиллах цагтайгаа гарч, одоо нээлттэй эсэхийг харуулна. Ажиллах цагаа бодитоор оруулж, баярын өдрүүдэд шинэчилбэл худалдан авагч хаалттай үед очиж цаг алдахгүй.
Хүргэлтийг бүрэн унтрааж болох уу?
Болно. Тохиргоо → Сайт таб дээрх Хүргэлтийн арга хэсэгт Хүргэлтээр, Салбараас очиж авах гэсэн хоёр унтраалга бий. Хоёуланг нь асаавал худалдан авагч сонгоно. Зөвхөн очиж авахаар ажиллах бол эхлээд очиж авах цэгтэй салбар нэмж, Салбараас очиж авах-ыг асаагаад дараа нь хүргэлтийг унтраана. Дэлгүүрт үргэлж дор хаяж нэг арга идэвхтэй байна. Зөвхөн цахим бараатай захиалгад хаяг, хүргэлтийн төлбөр огт асуухгүй.
Худалдан авагчийн тэмдэглэлийг хэрхэн ашиглах вэ?
Худалдан авагч захиалга хийхдээ тэмдэглэл эсвэл бэлгийн мэндчилгээ бичиж болно. Энэ нь захиалгын дэлгэрэнгүйн Худалдан авагчийн тэмдэглэл хэсэгт харагдана. Орцны код, хүргэх цаг, бэлгийн боодол гэх мэт хүсэлт ихэвчлэн энд ирдэг тул бараагаа савлахаас өмнө заавал уншина. Тэмдэглэл худалдан авагчийн хувийн мэдээлэл тул зөвхөн хүргэлтэд хэрэгтэй хүнтэй хуваалцана.
Хүргэсний дараа юу хийх вэ?
Захиалгын жагсаалтыг бүсээр (Улаанбаатар, Хөдөө орон нутаг) шүүж хүргэлтээ төлөвлөнө. Бараа худалдан авагчид хүрсний дараа захиалгын дэлгэрэнгүйд Хүргэсэн гэж тэмдэглэх товчийг дарна. Захиалга Биелсэн төлөвт шилжиж, худалдан авагч ч энэ төлөвийг харна. Захиалгын дэлгэрэнгүйд хаяг дээр дарахад хуулагдах, утас дээр дарахад залгах тул хүргэгчдээ мэдээллийг шууд дамжуулж болно.
Дэлгэрэнгүй заавар
Хүргэлтийн төлбөр, салбар, Худалдааны дүрмийн тохиргоог Вэбсайт гарын авлагаас, захиалга биелүүлэх алхмыг Захиалга ба харилцагч гарын авлагаас үзнэ үү.