Эхлэх2026-09-25
Онлайн дэлгүүрээ үнэгүй нээх нь — алхам алхмаар
Бүртгэл, бараа, загвар, QPay ба картын төлбөр, и-баримт — OpenShop дээр дэлгүүрээ нээж, анхны төлбөрөө авах хүртэлх алхмууд.
Онлайн дэлгүүр нээхэд вэб хөгжүүлэгч хөлслөх, сар бүр хураамж төлөх шаардлагагүй болсон. OpenShop дээр дэлгүүр нээх, бараа нэмэх, захиалга авах нь үнэгүй: сарын хураамж, туршилтын хугацаа, барааны тооны хязгаар гэж байхгүй, платформ таны борлуулалтаас хувь авахгүй. Энэ нийтлэлд дэлгүүрээ эхнээс нь нээж, анхны төлбөрөө хүлээн авах хүртэлх алхмуудыг дарааллаар нь тайлбарлая.
Товчхондоо: дэлгүүрийн ноорог хэдхэн минутад бэлэн болно. Харин QPay, картын төлбөр болон и-баримт нь таны байгууллагын мэдээллийг баталгаажуулсны дараа идэвхждэг — энэ шатанд хугацаа шаардагддагийг урьдчилан тооцоорой.
1. Бүртгүүлж, дэлгүүрээ үүсгэх
Google хаягаараа нэвтэрч, утасны дугаараа баталгаажуулна. Дэлгүүр үүсгэхийн өмнө ДАН системээр иргэний баталгаажуулалт хийнэ — нэг иргэн нэг бүртгэлтэй байх нь худалдан авагчдын итгэлийн суурь юм. Дараа нь дэлгүүрийнхээ нэрийг кириллээр, хаягийг латинаар өгнө. Жишээ нь «Номин цэцэг» нэртэй дэлгүүр nomin-tsetseg.openshop.mn хаягтай болно. Хүсвэл дараа нь өөрийн домэйнийг холбож болох бөгөөд SSL сертификат автоматаар олгогдоно.
2. Бараагаа нэмэх
Эхлээд нэр, үнэ, зураг гэсэн гурван талбараар барааг ноорог болгож хурдан нэмнэ. Нийтлэхийн өмнө систем юу дутуу байгааг жагсааж харуулна: дор хаяж 50 тэмдэгттэй тайлбар, ангилал, хувилбар бүрийн үнэ гэх мэт. Ингэснээр хагас дутуу бараа худалдан авагчид харагдахгүй.
- Хувилбар — өнгө, хэмжээ тус бүрийн үнэ, үлдэгдэл.
- Үлдэгдэл — хөтлөх бол тоог нь оруулна; төлбөр төлөгдмөгц автоматаар хасагдана.
- Хямдрал — хувиар эсвэл дүнгээр, дуусах хугацаатай. Хугацаа нь дуусахад өөрөө зогсоно.
- Багц — хэд хэдэн барааг нэг үнээр санал болгоно.
Биет бараанаас гадна цаг захиалга, хоногийн түрээс, файл ба лицензийн код зэрэг тоон бараа, эвентийн тасалбарыг нэг дэлгүүрээс зарж болно. Дэлгэрэнгүйг Юу зарах вэ хуудаснаас үзээрэй.
3. Загвараа сонгох
Дэлгүүрийн гадаад төрхийг 31 загвараас сонгоно. Эхлэхэд Монголын онлайн худалдаанд хэвшсэн бүтэцтэй Стандарт гэр бүлийн гурван загварыг санал болгодог: ангиллын цэстэй, олон бараатай дэлгүүрт; хямдрал, шинэ бараагаа онцлох дэлгүүрт; хувцас, загварын цэвэр жагсаалтад. Загварыг өөрийн бодит бараан дээр урьдчилан харж, өнгө, үсгийн фонт, нүүр хуудасны блокуудаа тохируулна. Код бичих шаардлагагүй. Бүх загварыг Загварууд хуудаснаас үзэж болно.
4. Төлбөрөө идэвхжүүлэх
Төлбөрийг Wire төлбөрийн оператор боловсруулна. Хамгийн чухал нь: мөнгө OpenShop-оор дамжихгүй — худалдан авагч төлөхөд банкнаас шууд таны дансанд шилжинэ.
- Консолын Төлбөр хэсэгт байгууллагынхаа мэдээллийг дөрвөн алхамтай маягтаар илгээнэ.
- Мэдээлэл баталгаажсаны дараа орлого хүлээн авах банкны дансаа нэмнэ.
- QPay QR болон картын төлбөрийн операторын гэрээг консол дээрээ баталгаажуулна. Гарын үсэг нь таны ДАН-ын баталгаажуулалтаас авагдана.
Үүний дараа худалдан авагч банкны аппаараа QR уншуулж, эсвэл картаар төлнө. Төлбөр бүрийг сервер талд давхар шалгасны дараа л захиалга «төлөгдсөн» болж, танд имэйлээр мэдэгдэл очно.
5. И-баримтаа автоматжуулах
И-баримтын мэдээллээ консолд тохируулж илгээнэ. OpenShop шалгаж зөвшөөрсний дараа төлөгдсөн захиалга бүрд баримт автоматаар олгогдож, худалдан авагчийн имэйл рүү очно. Худалдан авагч РД-гээ оруулбал өөрийн нэр дээр, байгууллагын ТТД-ээ оруулбал байгууллагын нэр дээр баримт гарна. Бараа бүрд НӨАТ-ын төрөл, барааны кодыг тусад нь тохируулж болох бөгөөд баркодоор барааны мэдээлэл автоматаар бөглөгдөнө. Хямдралтай захиалгад хөнгөлөлт мөр бүрд хуваарилагдаж, баримтын дүн захиалгын дүнтэй яг таарна. Дэлгэрэнгүйг Төлбөр ба И-баримт хуудаснаас уншаарай.
6. Хүргэлтээ тохируулах
Хүргэлтийг та өөрөө зохион байгуулна. Улаанбаатар болон орон нутгийн хүргэлтийн төлбөрөө тохируулж, захиалга бүрийн хаяг, утсыг консолоос харна. Барааг хүлээлгэн өгсний дараа захиалгыг «хүргэсэн» гэж тэмдэглэнэ — ингэснээр аль захиалга хүлээгдэж байгаа нь тодорхой харагдана.
7. Нийтэлж, худалдан авагчдад хүрэх
Консолын нүүрэнд зарж эхлэхэд юу үлдсэнийг харуулсан жагсаалт гарч, алхам бүрийг биелүүлэх тусам алга болно. Зурагтай, нийтлэгдсэн бараа тань OpenShop-ын бүх дэлгүүрийн барааг нэг дор хайдаг OpenShop Hub-д автоматаар гарна. Хүсэхгүй бол тохиргооноос нэг товчоор унтраана. Hub-аас ирсэн худалдан авагч таны дэлгүүр рүү шилжих тул сагс, төлбөр нь таных хэвээр үлдэнэ.
Худалдан авагч юу харах вэ
Худалдан авагч бүртгүүлэхгүйгээр зочноор захиалж болно. Сагсаа бүрдүүлээд нэр, утас, хүргэлтийн хаягаа оруулж, QPay эсвэл картаар төлнө. Төлбөр баталгаажмагц захиалгын дугаартай баримтын хуудас гарна. Дараа нь захиалгын дугаар, утасныхаа дугаараар захиалгынхаа төлвийг шалгаж болно. Нэвтэрсэн худалдан авагч захиалгын түүх, хадгалсан хаягаа бүртгэлээсээ харна.
Эхний долоо хоногт анхаарах зүйлс
- Барааны зургийг цэвэр дэвсгэр дээр, ижил харьцаатай авбал дэлгүүр цэгцтэй харагдана.
- Тайлбартаа хэмжээ, материал, хүргэх хугацааг тодорхой бичвэл худалдан авагчийн асуулт цөөрнө.
- Хүргэлтийн төлбөрөө бодитоор тооцож тохируулаарай; дараа нь хүссэн үедээ өөрчилнө.
- Эхний захиалгыг өөрөө туршиж хийж, төлбөрөөс баримт хүртэлх урсгалыг нэг удаа нүдээрээ харах нь зүйтэй.
Анхны захиалгын дараа
Захиалга ирж эхэлмэгц Тайлан хэсгээс борлуулалт, захиалгын тоо, захиалга аль сувгаас ирснийг харна. Хэрэглэгчид хэсэгт худалдан авагч бүрийн захиалгын түүх нэг картад цуглана. Ажилтан нэмэх бол тусдаа нэвтрэлт, эрхтэйгээр нэмнэ — хэн юу хийснийг систем бүртгэж үлдээнэ.
Эхлэхээс өмнө бэлдэх зүйлс
- Google хаяг ба утасны дугаар
- ДАН-аар нэвтрэх боломж
- Байгууллагын мэдээлэл, орлого хүлээн авах банкны данс
- Барааны зураг, үнэ, товч тайлбар
Үнийн нөхцөлийг Үнэ хуудаснаас, түгээмэл асуултуудыг Асуулт хуудаснаас харна уу.